НОБГ-т Япон улсаас 450 мянган ам.долларын сэлбэг хэрэгсэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-13 16:17:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах” төслөөр нийлүүлсэн гал түймэр унтраах шуурхай албаны автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт боллоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Японы Элчин сайдын яамны элчин зөвлөх Минорү Кикүчи, Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар энэ ажиллагаанд оролцов. 
Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн хүрээнд Онцгой байдлын албанд 2003 онд 11,7 сая ам долларын үнэ бүхий гал унтраах зориулалтын 4 төрлийн 17 автомашиныг, 2013 онд 4 төрлийн 22 автомашиныг буцалтгүй тусламжаар нийлүүлж байсан. Эдгээр автомашинуудыг Гал түймэр унтраах, аврах 18 ангид хуваарилсан бөгөөд энэ хугацаанд 29190 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 102 тэрбум 416 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлсэн байна. Дээрх  автомашинуудын ашиглалтыг  сайжруулах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх төслийг Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага хэрэгжүүлж, 450 мянган ам.долларын 837 ширхэг сэлбэг хэрэгслийг нийлүүлж байгаа нь энэ юм байна.

Ж.Батсайхан
 
Связанные новости