Хүүхдийн эрхийг хамгаалах 38 улсын байцаагч ажлаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-05 13:39:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс анх удаа хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах улсын байцаагчтай боллоо.
ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран 9 дүгээр сарын 18-аас 11 дүгээр сарын 6-нд 21 аймаг, 9 дүүргийн нийт 38 албан хаагчийг хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагчийн сургалтад  хамруулав. Эдгээр албан хаагчдад өнөөдөр ХНХ-ын сайд С.Чинзориг улсын байцаагчийн үнэмлэх, тамга тэмдэг гардуулав.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн. Тухайлбал, энэ онд гэмт хэрэг, зөрлчийн улмаас 120 гаруй хүүхэд амиа алдсан байна. Тиймээс эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг хамгаалах шаардлага зүй ёсоор тулгамдаж байгааг С.Чинзориг сайд хэллээ. Тэрбээр, “Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулахад улсын байцаагчид чухал үүрэгтэй. Та бүхэнд хуулийн салбарт 30 гаруй жил ажилласан Г.Сүхбаатар прокуророос мэргэжил, аргазүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой. Тиймээс төрийн албан хаагчийн ёсзүйг баримталж, хүүхдийн эрхийг хамгаалахад бүхий боломжоо дайчлан ажиллахыг хүсч байна” гэлээ.

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалгаж, зөрчил гаргасан этгээдэд торгууль ногдуулахаас гадна хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих юм.

Зөрчлийн тухай хуулийн дагуу улсын байцаагч нар хүүхдийн эрхийн эсрэг 16 төрлийн зөрчилд хяналт тавих, таслан зогсоох, хариуцлага тооцох эрхтэй юм. Тухайлбал, хүүхдийг хувцас, хоол, орон байраар зориуд гачигдуулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хүнсний зүйл хэрэглүүлсэн, сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол иргэнийг тавин нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах тоглоом, наадамд оролцуулсан бол хувь хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Түүнчлэн сургууль, дотуур байранд сурагчийг дарамталсан, ялгаварлан гадуурхсан, бие махбодод халдсан, хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагчтай болсон нь Азидаа анхны тохиолдол гэдгийг ХНХЯ-ны удирдлагууд онцолж байлаа. Цаашдаа улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэх, сургах чиглэлд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нягт хамтран ажиллах юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости