Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХЭҮК, ШШГЕГ, Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж буй “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхэлж байна.
Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв болон орон нутгийн 38 алба хаагч хамрагдаж, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Хорих байгууллага ба хүний эрх”, “Онцгой анхаарал шаардлагатай хоригдлууд”, “Хоригдлын хөдөлмөр ба албадан хөдөлмөрийг хориглох нь”, “Хуульчийн ёс зүй”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвээрх лекц сонсох юм. Ингэснээр тэд хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэж, цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгааг харьяа анги байгууллагуудад зохион байгуулах аж.
ХЭҮК-оос дээрх сургалтад зориулж “Хорих байгууллага ба хүний эрх“ сэдэвт сургагч багш нарт зориулсан гарын авлагыг хэвлүүлсэн бөгөөд тус сургалтад оролцогчдыг олон улсын болон дотоодын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бие даан судлах, эзэмших арга зүйг хослуулан хүний эрхийн сургалтыг дадлагатай нь хамтатган эзэмших, цаашид үргэлжлүүлэн бие даан сургалт явуулах чадавхтай болгохыг зорьжээ.
Сургалт ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.
Б.Туул