Тэнэмэл иргэд, хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас Гэр оронгүй, тэнэмэл иргэд, хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөг батлав.
Дээрх ажлын хүрээнд нийслэл, хөдөө орон нутагт байх гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд хамруулах, эмнэлгийн үзлэгт оруулж, эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоон нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллагын халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Амьдрах ухаан төв зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
Энэ сарын 15-ны өдрийн 13 цагийн байдлаар нийслэлийн 9 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж, 11 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт, 120 иргэнийг “Амьдрах ухаан төв” төрийн бус байгууллагад хүлээлгэж өгчээ.
Б.Туул