Ээвийн голын гүүрийг хэзээ барих нь тодорхойгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтайгаас Ховд аймаг хүртэлх 424 км хатуу хучилттай зам баригдаж иргэд саадгүй тав тухтай зорчих боломж бүрдээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дахь Ээвийн голын гүүр хоёр жилийн өмнө үерт унаж, өнөө хүртэл сэргээн засаагүй байгаа юм.
Хатуу хучилттай зам уг гүүрний хоёр талаас тулж хийгдсэн бөгөөд шороон хамгаалалт хийж анхааруулах тэмдэг тавьсаар байтал хурдтай явсан зарим тээврийн хэрэгсэл даланг давж осолд орох явдал хоёр ч удаа гарсан байна.
Одоогоор зорчигчид гүүрийг тойрч гарч байгаа хэдий ч өвөл, хаврын цагт голын ус тэлж хөлдөн мөс цөмрөх, шаварт суух эрсдэл байнга гардаг ажээ. Улсын чанартай энэ замын ашиглалтыг сайжруулж, уг гүүрийг хэзээ барьж ашиглалтад оруулахыг асуухад өнөө хүртэл тодорхой шийдэгдээгүй, ирэх жилд гүүр бариулахаар яригдаж байгаа хэмээн аймгийн АЗЗА компанийн удирдлага ярьж байна. Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн иргэдийн аюулгүй тавтай зорчиход Ээвийн гүүр ихээхэн үүрэгтэй юм.
Ш.Цоодол