Орхон голд унасан машиныг татаж гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-16 15:43:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явахдаа цөмөрч суусан машиныг онцгой байдлын алба хаагчид гаргажээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Бонго фронтер” загварын ачааны автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явахдаа цөмөрч суусан байна. Энэ тухай дуудлагын дагуу онцгой байдлын газрын 5 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 14:30 цагт газар дээр нь очиж, 04:00 хүртэл ажиллаж автомашиныг уснаас татан гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд Төв аймгийн Заамар сумаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Ланд круйзер-105” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Ниссан Экстриал” загварын суудлын автомашин цасанд суусан байна. Онцгой байдлын албаныхан дуудлагыг энэ сарын 14-ний 19:01 цагт  хүлээн авч,  долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиж автомашинуудыг цаснаас татан гаргасан аж. 
Б.Туул
Связанные новости