Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 22.4 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-11-09 13:07:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг хүүхэд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг өчигдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллав. Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөтгөсөн ч орон тоо хэвээрээ байгааг тус байгууллагын дарга О.Алтсансүх танилцуулаад Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийн тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой хэмээн үзжээ. Иймээс агентлагаас 2017 оныг хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах жил болгон, сургалтын цогц модуль боловсруулж, 75 сургагч багш бэлтгэжээ. Үүний үр дүнд үндэсний хэмжээнд ажиллаж буй 609 хамтарсан багийн 4494 гишүүнийг чадавхжуулах сургалтад хамруулсан байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд 778 гэр бүлтэй ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөөг 1031 хүнд өгсөн бол аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээг 555 хүнд, нийгмийн халамжийн үйлчилгээг 1279 хүнд, хүүхэд хамгааллын үйлчилгээг 662 хүүхдэд, эмнэлгийн тусламж үйлчилгээг 662 хүүхдэд, холбон зуучлах дараагийн үйлчилгээг 420 хүнд тус тус үзүүлсэн байна.

Үргэлжлүүлэн тэрбээр Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын таван жилийн аяныг эхлүүлсэн талаар дуулгав. Энэ аяны хүрээнд www.huuhedburt.mn цахим сайт, гар утасны аппликейшн боловсруулжээ. Олон нийтэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж хэвшихэд шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл бүхий аппликейшныг 880 хэрэглэгч гар утсандаа татсан гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь “Хуулийн хэрэгжилтэд санхүүжилтийн хувьд 396 сая төгрөг хангалтгүй байгаа юм байна. УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа учраас бид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр төсөвт тодорхой өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлэн ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн сүүлийн үед олон нийтэд ил болоод буй хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, гэмт хэргүүд, харъяалах салбарын байгууллагуудаас гаргасан энэ төрлийн тоон мэдээллүүд нь бүх нийтээрээ анхаарлаа хандуулж, сэрэмжлэх, тэмцэх шаардлага үүсээд байгааг илэрхийлж байна гэдгийг онцоллоо. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хүүхэд хамгааллын үйлчилгээ, хүүхдийн эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ орон нутаг дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, хил орчмын аймаг, сумдад илүү идэвхтэй ажиллан, анхааралтай, сэрэмжтэй ажиллах ёстойг онцоллоо.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2017 оны есдүгээр сарын байдлаар 824 бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.4 хувиар буурсан байна. Үүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөө бий аж. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэн 2110 хүн захиргааны шийтгэл хүлээсэн, энэ төрлийн гэмт хэргийн 80 хувь нь гэр, орон сууцандаа үйлдэгдэж байгааг холбогдох баримтуудаас харж болно. Нийтдээ 15 түр хамгаалах байр, 9 нэг цэгийн үйлчилгээний байр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон улсын санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2018 онд 10 нэг цэгийн үйлчилгээ, 5 түр хамгаалах байрыг шинээр байгуулахаар холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдээд байгаа аж. 
Н.Туяа

 
Связанные новости