Фэйсбүүкээр залилах нь ихэсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Фэйсбүүк, сошиал суваг идэвхтэй хэрэглэх болж, амьд харилцаа гээчийг мартах шахсан өнөө нийгэмд цаг үеэ даган шинэ төрлийн гэмт хэрэг улам бүр нэмэгдэх болсон байна.
Бусдын фэйсбүүк нэр, олон нийтийн сүлжээнд байршуулсан зураг ашиглан хуурамч хаяг нээж, тухайн хүний найзууд руу найзын хүсэлт илгээж эсвэл фэйсбүүк хаяг руу нь хууль бусаар хакердан нэвтэрч, улмаар "мөнгө зээлээч" хэмээн залилан хийдэг хэрэг сүүлийн үед фэйсбүүкт хүчээ авчээ. Тиймээс цагдаагийн байгууллагад маш ихээр бүртгэгдэх болсон энэ төрлийн цахим гэмт хэргээс сэрэмжлүүлэх үүднээс доорхи мэдээллийг бэлтгэлээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс авсан албан мэдээллээр, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст энэ төрлийн гэмт хэргийн хохирогч боллоо гэсэн гомдол мэдээлэл иргэдээс их ирэх болжээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа хийхэд хүний нэр ус, зургийг ашиглаад хуурамч фэйсбүүк хаяг нээгээд тухайн хүмүүсийн найз нөхдөөс мөнгө нэхэмжилсэн, гуйсан, бусдын фэйсбүүкийн нууц үгийг хакердах маягаар олж авч фэйсбүүкт нь нэвтэрсэн хэргүүд байсан байна. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст одоогоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Ж.Батсайхан