Даваанууд хүндрэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-07 11:25:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд зам, даваа хаагдаагүй, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа талаар шуурхай мэдээ ирүүллээ.
Тус хяналтын төвөөс бүх чиглэлд 24 цагийн хяналт тавьж ажилласнаар зорчигч, ард иргэдийг аюул осолгүй, амар тайван зорчих бололцоог бүрдүүлэн ажиллажээ.Өчигдөр /2017.11.06/ Улаанбаатар-Өвөрхангай Сант чиглэлд 20 зорчигчтой явсан, "Хараацайн жигүүр" ХХК-ийн 56-67 УНД дугаартай тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас 40 км орчимд Жаргалантын гол хэмээх  газарт цасанд сууж, цааш явах боломжгүй болсон бөгөөд Улаанбаатар хотоос яаралтай арга хэмжээ авч, тусламж үзүүлснээр хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлсэн. Одоогоор урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум хүртэл хальтиргаа гулгаатай, Зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэл баруун чиглэл, Улаанбаатар-Дархан-Уул, Орхон хойд чиглэлд хальтиргаа гулгаатай байгаа тул зорчигч, тээвэрчдийг болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Багануурын даваа, Төв аймгийн Хоолт, Айцын даваа, Өвөрхангайн Шартын давааны нөхцөл байдал хүндрэлтэй байна. Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс орон нутгийн салбарууддаа бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, шуурхай арга хэмжээ аван, ажиллаж байна.

Ж.Батсайхан

 

 

Связанные новости