Саудын Аравийн хунтайж нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-06 10:31:04
ЭР-РИЯД. /Би-Би-Си/.  Саудын Аравийн нэгэн хунтайж Йементэй залгаа хилийн ойролцоо нисдэг тэрэгний ослоор амиа алджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Саудын Аравийн Асир мужийн дэд захирагч бөгөөд хунтайж Мансур бин Мукрин болон албаны хэд хэдэн хүний сууж явсан нисдэг тэрэг ням гарагт Йементэй залгаа хилээс холгүй орших газарт осолдсон байна. Онгоцонд сууж явсан бүх хүн амиа алдсан аж. Тэд хил орчмын бүсэд агаараас тандалт хийхээр явж байсан гэнэ. Ослын шалтгаан хараахан тодорхойгүй байна.

Йеменээс харвасан баллистик пуужинг замаас нь амдан устгаснаа энэ ослын өмнөх өдөр буюу бямба гарагт Саудын Арави мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд, Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы удирддаг Авлигатай тэмцэх газар төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, ажлын хайхрамж алдсан зэрэг үндэслэлээр 11 хунтайж, дөрвөн сайдыг баривчилжээ.

Ослоор амиа алдсан хунтайж Мансур бин Мукрин нь нэгэн цагт угсаа залгамжлах хунтайж гэгдэж байсан Мушин бин Абдул Азизийн хүү аж. Саудын Аравийн одоогийн хаан Салман 2015 онд хаан ширээнд суусныхаа дараа эцэг нэгт дүү Мушин бин Абдул Азизийн угсаа залгамжлах хунтайжийн статусыг хүчингүй болгож байжээ.
 
 Г.Доржханд
Связанные новости