Хятадаас ирж буй химийн бодисыг хатуу хянах хэрэгтэйг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХимийн хорт болон аюултай бодис тээвэрлэх зөвшөөрлийг БОАЖЯ-аас олгодог бөгөөд одоогоор тусгай зөвшөөрөл авсан 200 орчим аж ахуй нэгжид 2800 орчим төрлийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгожээ. Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг “Монголд химийн бодис ашиглах аж ахуй нэгжүүд ямар төрлийн химийн бодис ашиглахаас хамаарч тусгай зөвшөөрөл авдаг. Тухайн бодист заавал эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх шаардлагатай. Хадгалах, ашиглалт, тээвэрлэлт, химийн бодисын агуулахад тавих стандарт шаардлага бий. Аж ахуйн нэгжүүд тэр стандартыг мөрдөж ажиллах ёстой. Хуулиа мөрдөөгүйгээс болоод өнгөрөгч 9 дүгээр сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан машин онхолдож, химийн бодис асгарсан осол гарсан. Уг ослын үеэр тээвэрлэгч компани шөнийн цагаар химийн хорт бодис тээвэрлэсэн нь илэрсэн. Тухайн үед газар дээр нь хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн “Тээвэрлэлтийн журам зөрчигдөж, 5 тонн орчим давсны хүчил, 135 литр азотын хүчил асгарсаныг тогтоосон. Хорт бодисыг саармагжуулж, хөрсөнд шингэсэн хорт бодистой шороо овоолгыг зөөж, өөр талбайд устгал хийсэн” гэж тайлагнасан байдаг. Үүнийг бид давтаж болохгүй. Хорт бодис нь онцгой аюултай ачаа, аюултай ачаа гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Химийн хорт бодис онцгой аюултай ачааны төрөлд ордог. Тээвэрлэлт хийхээсээ өмнө ажилчдаа заавал холбогдох байгууллагуудаас зарласан сургалтад хамруулж, тээвэрлэлтийг маршрут, нарийн журмын дагуу хийх нь чухал. Харин аюултай ачааг тухайн аж ахуй нэгжүүд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрсөн бол тээвэрлэж болно. Тээвэрлэлтийн явцад осол аваар гарвал авах арга хэмжээнд бэлтгэж, ажиллах төлөвлөгөөтэй, саармагжуулах уусмал, дагалдах хэрэгслүүдтэйгээ авч явдаг байхыг анхааруулах нь чухал” гэдгийг аж ахуйн нэгжийн удирдлагуудад анхааруулав. Тиймээс дээрх байгууллагууд үйл ажиллагаагаа нэгтгэн хятадаас оруулж ирдэг химийн бодист хатуу хяналт тавина гэдгээ ч мэдэгдлээ.
Ж.Батсайхан