Баян-Өлгийд Онцгой байдал, цагдаагийнхан хамтран сургуулилт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-03 16:41:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх иж бүрэн сургуулилт  зохион байгууллаа. Сургуулилтыг аймгийн Онцгой комиссоос  удирдан цагдаагийн газартай хамтран хийснээрээ онцлог болов.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, иргэдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаагийн газрын шуурхай штаб, түүний дэргэдэх бүлгүүдийг шинэчлэн байгуулж, шуурхай штабын байрыг төхөөрөмжлөн 24 цагаар үүрэг гүйцэтгэх штабын жижүүрийг томилон ажиллуулжээ. Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд тус Цагдаагийн газрын шуурхай штабын үйл ажиллагаа, төхөөрөмжилсөн байдлыг үлгэр жишээгээр тооцож, бусад байгууллага, албадад сурталчиллаа. Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Цагдаагийн газраас аймгийн төв Өлгий сум руу орох, гарах 6 цэгт бүслэн хааж, аймгийн төвийн 12 багийн 70 цэгт цагдаагийн 72 алба хаагч, хөдөлгөөнт эргүүлийн 4 чиглэлд 8 алба хаагч, хяналтын өндөрлөг цэгт 1 алба хаагч нийт цагдаагийн 87 алба хаагчийг томилон ажиллуулсан юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын дүнгийн хурал зохион байгуулж, сургуулийн удирдагчаас тус аймагт зохион байгуулагдсан иж бүрэн сургуулилтад аймгийн иргэд, төр захиргааны байгууллага, Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын оролцоо хангалттай хэмжээнд байсныг тэмдэглэж, үүрэг гүйцэтгэлт, үйл ажиллагааг “Онц” гэж үнэлсэн байна. Иж бүрэн сургуулилтын хамгаалалтыг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй ажилласан, цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээл гарган ажиллаж байгааг нь үнэлж, тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Анхбаярыг “Онцгой байдлын албаны төлөө-3” медалиар, Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Х.Бекжаныг Баян-Өлгий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, Цагдаа, жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Бахытбекийг Зам, тээврийн яамны “Онц тээвэрчин” цол тэмдгээр, Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамт олныг ЦЕГ-ын ОНАБХГ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшуулсан гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.


Ж.Батсайхан

Связанные новости