“Дэлхийн музей”-н нээлтэд Монголын уран бүтээлчид оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 26-ны өдөр тохиодог Австрийн Үндэсний баярыг тэмдэглэх хүрээнд Вена хотын “Дэлхийн музей”-н нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 25-ны өдөр болов.
Музейг албан ёсоор нээх цуврал арга хэмжээг Австрийн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан бөгөөд түүний нэг нь төв талбайд болсон олон улсын урлагийн наадам юм.
Тус наадмын тоглолтыг Австрийн алдарт жүжигчин, зохиолч Андре Хеллер найруулж Монгол, Австрали, Энэтхэг, Иран, Мексик зэрэг 11 улсын уран бүтээлч үндсэний язгуур урлагийн бүтээлээр оролцсон. Уг тоглолтод морин хуурч Д.Энхжаргал “Violons Barbares” монголын язгуур урлагийг орчин цагийн хөгжимтэй хослуулсан уран бүтээлээрээ оролцов.
Дэлхийн музейн нээлтийн ажиллагааг Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дэр Бэллэн нээж үг хэлэв. Түүнчлэн Австрийн Соёл, урлагийн сайд Томас Дрозда, Дэлхийн музейн Ерөнхий захирал Сабина Хааг, гүйцэтгэх захирал Стивен Энгелсманн нар оролцсны зэрэгцээ Холливудын алдарт жүжигчин Тилда Свингтон, кино найруулагч Вес Андерсон, Михаель Ханеке нар хүндэт зочноор уригдаж оролцов.
Музей нь Австрийн судлаачдын дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан дэлхийн улс, үндэстний соёлын эд өв бүхий 220 мянган үзмэртэй бөгөөд судлаач Ханс Ледерийн XIX зууны эхэн үеийн монголчуудын шашин, ахуй соёлыг илэрхийлсэн эд өлгийн цуглуулгаа “Дэлхийн музей”-н санд хандивласан байна. Тэдгээрээс 10 гаруйг нь “Азийн соёл” танхимдаа байршуулжээ.ГАДА