ТҮЦ-ийн ихэнх нь зөвшөөрөлгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар дүүргийнхээ 126 гаруй Түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-т гэнэтийн шалгалт хийсэн байна. Шалгалтад ихэвчлэн сургуулийн ойр орчим, авто зам дагуу байрших ТҮЦ хамруулжээ. Шалгалтаар хадгалах хугацаа нь дууссан, 1-3 хоносон, транс тос ихээр агуулсан торт, гурилан бүтээгдэхүүн, хуушуур, бууз, пирошки, чанасан өндөг, ороомог, кимбаб, зайдас зэргийг илрүүлж, устгахаар хураан авсан байна. Дээрх 126 ТҮЦ-ийн зөвхөн долоо нь худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байлаа. ТҮЦ эрхлэн ажиллуулж буй хариуцагчийн 90 орчим хувь нь 2-3 иргэн дамжуулсан, голчлон түрээсэлсэн байв. Мөн шалгалтын явцад зөвшөөрөлгүй цэгт тамхийг хайрцгаар болон ширхэглэж борлуулдаг нийтлэг зөрчил илэрчээ. 1.3 сая төгрөгийн өртөг бүхий 375 ширхэг тамхийг хурааж, улсын орлого болгожээ. Харин хууль зөрчиж эрсдэлт худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжид нийт хоёр сая төгрөгийн торгууль тавилаа гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Цэндсүрэн мэдээлэв. “Олон хонож, муудсан гэдэс хямраах үйлдвэрлэгч нь тодорхойгүй, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг оюутан, сурагчид голдуу авч иддэг. Эдгээр бүтээгдэхүүнийг ТҮЦ ажиллуулдаг иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд худалдаалж, борлуулж байгааг анхаарах хэрэгтэй" гэдгийг ч тэрбээр анхааруулав.
Ж.Батсайхан