"Хилийн хяналт-Иргэн таны оролцоо" сарын аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас энэ сарын 30-ны өдрөөс сарын хугацаанд “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт аян зохион байгуулахаар нээлтийн арга хэмжээ эхлүүллээ.
Сарын аяны хүрээнд хилийн боомт дахь алба, хэлтэс, гүний терминалийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хяналтын чиглэл тус бүрээр гарын авлага, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэлийн бүхий л сувгаар дамжуулан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Хилийн бүх боомт, терминалиудын хэмжээнд импортлогч, экспортлогч аж ахуйн нэгж, иргэдээс санал асуулга авах, тэдгээрийг сургалтад хамруулах, боомт, терминаль дээр хамтран ажилладаг бусад хил, хяналтын байгууллагатай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Аяны хүрээнд экспорт, импортын барааны хяналтад Иргэн таны үүрэг оролцоог нэмэгдүүлж, Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан үүрэг, хариуцлагыг ойлгуулж, болзошгүй эрсдлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сурталчилгаа хийх юм.
Хяналтын дээрх чиглэлд Монгол Улсын байнгын ажиллагаатай 26 хилийн боомт, Олон улсын чанартай Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, бусад боомтын 13 хэлтэс, гүний гаалийн 16 терминаль, 6 боомтын түргэвчилсэн шинжилгээний лабораторид нийт 354 улсын байцаагч, 25 лабораторийн ажилтан, 37 ариутгагч ажиллаж байна. Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар нь улсын хилээр нэвтрүүлж буй зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнд хорио цээр, аюулгүй байдлын хяналт хийж, улсын хилээр хүн мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс нэвтрүүлэхгүй байх эрхэм зорилготой үйл ажиллагаа явуулдаг юм.
Ж.Батсайхан