Хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ" аянд нэгдэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Охидын хүчирхийллээс хамгаалж,олон түмний зүгээс “Нүдээ нээ”-х шаардлага бий болоод буй талаар “Өгөх өдөр Хөдөлгөөн” ТББ, “Лантуун Дохио” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 13-н настай охин хүчирхийллийн золиос болон зочид буудалд амиа алдсан, бага насны охиныг хойд аав нь хүчирхийлсэн гэх мэт олон нийтийн сэтгэлийг сэрдхийлгэсэн олон жишгүүрт хэрэг тасрахгүй гарч байгаа тул охидоо хамгаалах, зүй бус үйлдлийн золиос болгохоос сэргийлэхийн тулд "Нүдээ нээ" аяныг дээрх ТТБ дуу хоолойгоо нэгтгэн өрнүүлж буйгаа мэдэгдлээ. Энэхүү олон нийтийг уриалсан аянд дэлхийн 11 оронд амьдарч буй монголчууд нэгдэж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс монголын бүх аав, ээж, ах эгч , айл хөршүүдийг энэ аянд нэгдэхийг уриаллаа.
" Өгөх өдөр" хөдөлгөөний тэргүүн Б.Баярсайхан: Үндэсний өгөх өдрийг санаачилснаас хойш энэ жил 8 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жилийн хувьд охидыг хүчирхийллээс хамгаалах, охиддоо хайр, халамж, хамгаалалт өгөөч ээ гэж аавууд, залуучуудаа уриалж байна. “Лантуун Дохио” ТББ-тайгаа хамтран "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж байна. Он гарснаас хойш 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэг тоо баримт бий. НҮБ-аас өгсөн мэдээллээр жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Үүний 50 хүртэлх хувь нь 16-аас доош насны хүүхдүүд байна. Гэтэл дэлхий дээр гарч буй хүчирхийллийн тоог өөрийнхөө улстай харьцуулахад маш өндөр тоо юм. Сүүлийн нэг сард гарсан охидын хүчирхийлэлтэй холбоотой тоо баримтыг харахад бид яасан ч зүгээр сууж болохгүй, нийгмээрээ нийтээрээ охидоо хүчирхийллээс хамгаалахын тулд нэгдэх цаг болжээ. Тиймээс энэ “Нүдээ нээ” аяныг ээж, аав, залуучууд, охидууд гээд хүн бүхэн дэмжээрэй гэв.
Ийнхүү охидоо хүчирхийллээс хамгаалах "Нүдээ нээ" олон нийтийн аян эхэлж байна.
Ж.Батсайхан