Замын-Үүд боомт Ариутгалын жишиг байгууламжтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-10-26 16:56:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Н.Цагаанхүүгийн санаачлагаар Замын-Үүд боомтод ариутгал, халдваргүйтгэлийн жишиг байгууламжийг ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Засгийн ордны 1 сая /370 сая төгрөг/ юаны буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад орууллаа. 
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2017 он гарсаар  БНХАУ-д шувууны томуугийн хүний болон шувууны өвчлөл, БНХАУ, ОХУ шүлхий зэрэг  гоц халдварт өвчин гарч , хил дамжин тархах эрсдэл хэвээр байна. Иймд хилээр нэвтрүүлж буй тээврийн хэрэгслэл, бараа, бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх шаардлага байнга тугарсаар байгаа юм. Тиймээс МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Н.Цагаанхүүгийн санаачлагаар 2017 оны эхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорио цээрийн хяналтын газрын удирдлагуудтай уулзалт хийх үеэр Замын-Үүд боомт дээр ариутгал, халдваргүйтгэлийн жишиг байгууламж бариулах асуудлыг хөндсөн нь өнөөдөр ажил хэрэг болжээ. 

Ариутгал, халдваргүйтгэлийн байгууламжтай болсноор улсын хилээр нэвтрүүлж буй ачаа тээш, бараа, тээврийн хэрэгсэлд хийгдэх бөгөөд улмаар хил дамнан халдварлах аливаа халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Энэхүү төхөөрөмж нь хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг автоматаар мэдэрдэг, ариутгалын бодисыг найруулан мананцар үүсгэн халдваргүйжүүлэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн технологиор баригдаж байгаа, стандартын шаардлага хангасан аж.

Цаашид бид бусад хилийн боомтуудад энэ жишгээр ариутгалын төхөөрөмжийг шинээр барих, Гашуунсухайт боомтод баригдсан ариутгалын төхөөрөмжийн усны асуудлыг шийдэж, ашиглалтад оруулах зэрэг ажлыг МХЕГ-аас  Монгол Улсын Засгийн газар болон бусад төсөл хөтөлбөрийн байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. 
 
Н.Туяа
Связанные новости