Ксения Собчак: Олон улсын эрхзүйн үүднээс бол Крымын хойг Украиных

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-26 14:56:27
МОСКВА. /ТАСС/. 2018 онд болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаад буй Оросын шоу ертөнцийн од, телевизийн хөтлөгч, сэтгүүлийн эрхлэгч бөгөөд сөрөг хүчний улс төрч Ксения Собчак Крымын хойгийн статусын асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдлээ.
 
“ТАСС” агентлагийн мэдээлснээр, өдгөө 35 настай К.Собчак нь лхагва гарагт “Россия-1” телевизийн сувгийн Андрей Малаховын шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Олон улсын эрхзүйн үүднээс бол Крымын хойг Украиных. Би Крымын хойгийн статусыг асуудал болгон дэвшүүлнэ” гэсэн байна.
 
Энэ мэдэгдэлтэй нь холбогдуулан К.Собчакийг  олон тооны улс төрч, тухайлбал Оросын Либерал Ардчилсан намын үүсгэн байгуугагч бөгөөд дарга Владимир Жириновский эрс зэмлэн буруушаахын сацуу түүнд эрүү үүсгэн шалгахыг холбогдох байгууллагуудад уриалжээ.
 
К.Собчак ярихдаа “Москва Крымын хойгийг ОХУ-д хавсарган нэгтгэсэн нь 1994 онд байгуулсан Будапештын санамж бичгийг зөрчсөн хэрэг. Миний гол хөндөх асуудал бол Крымын хойгийн статус. Та бүхний мэдэж байгаачлан дэлхийн нэг ч улс орон, ОХУ-тай хамгийн найрсаг харилцаатай байдаг улс орнууд ч, тухайлбал Беларусь Крымын хойгийг “Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг” гэж хүлээн зөвшөөрөөгүй байна” гэжээ.

2014 оны гуравдугаар сард Крымын хойгийн эрх баригчид Украинаас салж, Орост нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Энэ санал асуулгад оролцсон оршин суугчдын олонхын саналаар ОХУ Крымыг өөртөө хавсарган нэгтгэсэн билээ.
 
ОХУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох юм. Сонгуульд нэр дэвшигчдийг энэ оны 12 дугаар сараас албан ёсоор бүртгэж эхлэх ажээ.
Г.Доржханд
Связанные новости