Отгонтэнгэрээс дахин нэг цогцос олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
erdenechimeg@montsame.mn
2017-10-25 10:22:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийн талаар ОБЕГ-аас шуурхай мэдээлэл хийв.
Хайрханаас эсэн мэнд бууж ирсэн 10 иргэн нийслэл рүү хөдөлсөн бөгөөд өнгөрсөн шөнө Архангай аймагт хоногложээ. Харин өчигдөр нас барсан байдалтай олдсон 14 иргэний цогцсыг нийслэлд авч ирэн, ар гэрийнхэнд нь таниулах ажил явуулав. Амиа алдсан иргэдээс 10 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй. Мөн ослын газраас олдсон 16 үүргэвч, 300 гаруй эд материалыг ЦЕГ-аас бүртгэлжүүлсэн байна.
Отгонтэнгэр хайрханд цас хунгарлаж, мөстсөн тул эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Тиймээс металл хайгч ашиглан эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар улам хүндрэхээр байгааг холбогдох байгууллагаас ОБЕГ-т ирүүлжээ. Цаг агаар хэт хүндэрсэн тохиолдолд эрэн хайх ажиллагааг явуулахад улам бүр хүндрэлтэй болно. Тиймээс тухайн үед газар дээр нь ажиллаж байгаа Шуурхай штабаас ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх аж. Мэдээллийн үеэр шуурхай штабаас нэг иргэнийг нас барсан байдалтай олсон гэсэн тайлан ирүүлсэн юм. Ингэснээр одоо хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ч.Ариунболд
Связанные новости