Жагсагчид стандартын бус зочид буудлуудыг хаахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-24 19:02:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Лантуун дохио” ТББ-аас өнөөдөр 18.00 цагт Сүхбаатарын талбайд бага насны хүүхэд, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг  “Нүдээ нээ” жагсаал зохион байгуулав.

Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах зорилго бүхий тус ТББ үйл ажиллагаа явуулж эхлээд таван жил болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 400 орчим иргэн хүчирхийллийн асуудлаар хандаж, хамгаалалт болон зөвлөгөө мэдээлэл авчээ. 2013 онд тус байгууллагад төрсөн эцэгтээ заазуурдуулсан 5 настай хүү хандсан байна. Үүний дараа хоёр настай охиныг төрсөн эцэг нь бүтэн шөнийн турш хазаж тамласан хэрэг ч гарч байжээ. Харин сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг улам бүр нэмэгдэж байгааг тус ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан онцлов.

Тэрбээр, “Сүүлийн нэг сарын хугацаанд үгээр хэлэхэд хэцүү аймшигтай олон хэрэг гарлаа. Дөрвөн настай хүүхдийг жил гаруйн хугацаанд хүчирхийлсэн, Нэг ой 6 сартай хүүхдийг хүчирхийлсэн зэрэг мэдээллийг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Хүний эрхийн үндэсний комисс өгсөн. Мөн 13 настай охиныг зочид буудалд хүчирхийлж хөнөөсөн, таван настай хүүхдийг хойд эцэг нь хүчирхийлсэн гэх мэт хэрэг гарсаар байна. Гэтэл таван настай хүүхдээс шүүх эмнэлгийн байгууллага шинжилгээний 10 мянган төгрөг нэхсэн. Энэ хэргийн дараа шинжилгээний мөнгийг 0-16 настай хүүхдээс авахгүй байх журам гаргах асуудал ч яригдаж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын хуульд 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж заасан байдаг. Энэ бол хууль зөрчсөн журам.
Дээр дурьдсан шиг аймшигтай хэргүүдийг дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн манай байгууллага 8 удаа жагсаал зохион байгуулж, иргэдээс гарын үсэг цуглуулж, УИХ-аас эхлээд бүх хууль, хяналтын байгууллагад шаардлага хүргүүлнэ. Энэ шаардлагад бүх насны хүүхэд шүүхийн шинжилгээний төлбөр төлөхгүй байх, стандартын шаардлага хангаагүй, бага насны хүүхэд хонуулдаг зочид буудлуудыг хаах, массаж, гулгаа массаж нэртэй биеэ үнэлэгчдийн үүр болсон газруудыг мөн хаахыг шаардах болно” гэлээ.
Мөн тус байгууллагаас нийслэлийн ЕБС-иудад бага насны хүүхдүүдийг бэлгийн болон бусад хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт явуулах, телевизүүдээр хүчирхийллийн эсрэг сурталчилгаа цацах зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.
Өнөөдрийн жагсаал 21.00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин дараагийн жагсаалыг ирэх пүрэв гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости