Берлинд Монголын сонгодог урлагийн тоглолт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Classic meets steppe” төслийн хүрээнд Берлин хотноо энэ сарын 20-нд сонгодог урлагийн тоглолт боллоо.
Ашгийн бус “Classic meets steppe” сонгодог урлагийн тоглолт нь монгол, германы хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн дээжээс хамтран толилуулснаараа онцлог тоглолт болов.
Тоглолт эхлэхээс өмнө үзэгчид зураач Г.Наранцацралын үзэсгэлэнтэй танилцан, Монголын урлагийн талаар цогц мэдээлэлтэй болов. Тоглолтод Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир болон хийлч Лиза Верхаан нар оролцсон бөгөөд Монгол улсын Соёлын элч, хөгжим судлаач профессор Бернхард Вульф тоглолтыг хөтлөв.
Монголын орчин цагийн алдарт хөгжмийн зохиолч З.Хангал, Ж.Чулуун, Х.Билэгжаргал, Б.Шарав болон С.Гончигсумлаа нарын бүтээлүүд үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэв. Мендельссон Бартольди хөгжмийн зохиолчийн бүтээлийг төгөлдөр хуурч С.Одгэрэл, хийлч Л.Верхаан нар чадварлаг тоглож, үзэгч олныг гайхшруулсан бол МУГЖ Э.Амартүвшиний аргил хоолой Герман, Монголын дуурь сонирхогчдыг бишрүүлэв.
Хийлч Л.Верхаан, төгөлдөр хуурч С.Одгэрэл, морин хуурч А.Бат-Очир нарын хамтран тоглосон төгсгөлийн ая хүрэлцэн ирсэн 1000 орчим үзэгчийг хөл дээр нь босгож, алга ташилт тасрахгүй үргэлжилсэн юм.
Тус арга хэмжээг зохион байгуулахад ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам, Гёте Институт, МИАТ ХК зэрэг байгууллага санхүүгийн түншээр оролцсон бол Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам бүх талын дэмжлэг үзүүллээ.