Дэлхийн ур чадварын тэмцээнд монголчууд амжилттай оролцлоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-24 15:31:22
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 14-19-нд болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон Монголын багийг өнөөдөр ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авч уулзав.
2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан Монгол Улс энэ удаад мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, тогооч, сантехник гэсэн зургаан төрлөөр оролцсон юм. Гагнуурын төрөлд Ж.Жанлав-Ойдов даралтат сав гагнах хамгийн хүнд даалгаврыг амжилттай гүйцэтгэж тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм. Цахилгааны төрөлд оролцогч Л.Төгөлдөр даалгавраа амжилттай гүйцэтгэж арван оноо авахаас долоог авчээ. Харин өрөг угсралтын оролцогч Ц.Мягмарсүрэн, сантехникийн оролцогч Ц.Долгормаа, тогоочийн төрөлд оролцогч Б.Дагвасүрэн, мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх нар хэдийгээр шагналт байранд шалгарч чадаагүй ч үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэсэн юм. Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань, 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод болно. Үүнд амжилттай оролцохын тулд Монголын баг тамирчид одооноос бэлтгэлээ базааж, “Монгол ур чадвар”-ын тэмцээнийг даруй зохион байгуулах хэрэгтэй гэдгийг Монголын багийн төлөөлөл онцолж байлаа. Энэ үеэр ХНХ-ийн сайд Монголын багийн гишүүдэд талархал, мөнгөн шагнал гардууллаа.
Дэлхийн ур чадварын тэмцээнд энэ жил 59 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорьсон билээ.
Связанные новости
Комментарии