10 уулчны цогцос олдсон, эрлийн ажиллагаа маргааш үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-10-23 18:11:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр ууланд уулчид цасанд дарагдсан осолтой холбогдуулж ОБЕГ-аас 18 цагийн үед мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар 10 уулчин нас барсан байдалтай олдсон байна. Цогцосыг 3200-3450 метрийн өндрөөс аврагчид буулгаж байгаа бөгөөд эрлийг 17 цагийн орчимд түр зогсоожээ. Эрлийн ажиллагаа өнөө өглөө 6 цагийн үед эхэлсэн бөгөөд маргааш мөн цагт эрлийг эхлүүлэхээр болжээ. Ослын газар их хүйтэн, хад асгатай, салхи шуургатай байгаа тул аврагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргажээ.
Уулчид Отгонтэнгэр рүү анх авирахдаа Бадархундага талаасаа өгссөн бол буухдаа өгссөн замаасаа өөр газраар уруудсан байжээ. Мөн урьдчилсан дүгнэлтээр цасны нуранги үүссэн болохыг ч тогтоожээ.
Тус бүсэд нисдэг тэрэг байршуулаад байгаа бөгөөд  Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын удирдлагууд мөн нисдэг тэргээр очсноор шаардлагатай тохиолдолд хоёр ч нисдэг тэрэг дайчлах бололцоотой болсон. Үүний зэрэгцээ зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар нэг эх сурвалжгүй мэдээлэл цацахгүй байхыг энэ үеэр анхаарууллаа. Учир нь 17 иргэн бүгд нас барсан мэтээр хэвлэлүүд бичиж нийтэлсэн нь ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг залруулав. 
Түүнчлэн одоогоор өөр бусад ууланд авиралт хийж байгаа тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости