ХСИС-ийн сонсогчид дээрмийн хэрэг илрүүлснийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 9 дүгээр сард Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 хэлтсээс БХИС, ХСИС, ИЗИС-иудтай хамтран "Эргүүл 1000" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсныг бид мэдээлсэн. Энэ аяны үеэр олон гэмт хэрэг илрүүлжээ.
Нарантуул Олон улсын худалдааны төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Чөдөрпүрэв, Батлан хамгаалахын Их сургуулийн оюутан М.Амартүвшин, Л.Ганбат, М.Бат-Очир нар автомашинаас эд зүйл бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр “Баянбүрд” зочид буудлын урд явж байсан Хөвсгөл аймагт оршин суух Б.Б-ийн гар утсыг Төв аймгийн харьяат Ш, Баянзүрх дүүргийн харьяат Т нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж дээрэмджээ. Тухайн этгээдүүдийг Хууль сахиулахын их сургуулийн эчнээ 351 дугаар дамжааны сонсогч, цагдаагийн ахлагч Д.Болорбаяр, сонсогч Т.Рэнцэнбадам нар шуурхай илрүүлэн гэмт этгээдүүдийг харьяа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Ж.Батсайхан