Сонгинохайрханы шүлхийн хорио цээрийг ирэх долоо хоногт цуцална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн мал эмнэлгийн газрын мэдээлснээр шүлхийн хорио, цээр үргэлжилсээр байна. Уг өвчнөөр өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог бууруулдаг журамтай. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг цуцалж шүлхийн улмаас яг хэдий хэмжээний хохирол учирч, ямар зардал гарсныг нэгтгэж мэдээлнэ.
Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү тархаж, Улаанбаатарын ойролцоо амьдардаг өрхийн мал хүртэл халдвар авсан. Өнгөрсөн 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн даваа”-ны задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Дундговь аймгаас ирж, Морингийн даваа орчимд зусч, намаржсан айлыг шүлхийн вакцинд хамруулаагүйн малаас халдвар тархсан болохыг албаны хүмүүс хэлж байв. Морингийн даваа орчимд 4х3 км талбайд тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулаагүй байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мөн шүлхий өвчин гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Шижирийн аманд оршин суудаг малтай иргэний 17 үхэр гэнэт үхсэн бөгөөд шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин байсан нь батлагдсан тул өвчин гарсан голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэхүү хорио цээрийг ирэх долоо хоногт цуцлах юм байна.
Ж.Батсайхан