Нийслэлийн иргэдийн хууль, эрхзүйн боловсролыг дээшлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэс "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх" дэд хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.
НЗД С.Батболдын шийдвэрээр 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сар бүр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж, судалгаа хийсэн байна. Иргэд өөрт шаардлагатай эрх зүйн мэдлэг, мэдээллийг авах нөхцөл боломж хангалтгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол их байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Тиймээс Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх" дэд хөтөлбөр хэрэгжүүлэх болсон юм.
Дэд хөтөлбөрийн төсөлд нийслэлд шинээр шилжин ирж байгаа иргэдэд зориулсан тогтмол сургалт зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн удирдлагаас гаргасан шийдвэр, дүрэм, журмын талаарх мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн гаргасан зөрчил холбогдох бусад мэдээллийг нэгтгэсэн системийг бий болгох зэрэг ажлыг хийхээр тусгасан байна. Мөн өнөөдрөөс эхлэн иргэдээс дэд хөтөлбөрт нэмж тусгах ажлуудын талаар санал авч эхэлжээ.
Санал өгөх хүсэлтэй иргэд http://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=25090 цахим хаягаар дэд хөтөлбөрийн төслийг татан авах боломжтой юм.
Ч.Ариунболд