АТГ 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-11 13:50:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас цаг үеийн мэдээллийг товчхон өгөв. Зөвхөн энэ  сарын 2-6-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол мэдээллийг шалгажээ.
Үүнээс 5 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Ажиллагаанд одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгаж байгаа.Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн нэг хэрэг хүлээн авч, 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.Одоогоор 121 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Харин энэ мэдээллийн дараа АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Г.Баасан "АТГ-ын олон нийтийн зөвлөл есдүгээр сарын 25-нд байгуулагдсан. Үүнээс хойш АТГ-ын 2016, 2017 оны батлагдсан төсөвтэй танилцаж, зарцуулалтад нь хяналт тавьсан.
Туслах үйлчилгээний зардал гэгч зардал байдаг юм байна.Төрийн төв 109 байгууллагад цалингийн 40 хувийн нэмэгдэл авч ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцдаг 1570 ажилтан байдгийг мэдлээ. Мөн 21 аймагт 300 мянган төгрөгөөр цалинждаг нийслэл, дүүрэг, яам, тамгын газар агентлагуудад 500 мянгаар цалинждаг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд гэж байдаг юм байна. Энэ хүмүүс яг ямар үр дүнтэй ажиллаж байгааг бид энэ сарын сүүлээр олон нийтэд дахин мэдээлнэ.

Олон нийтийн зөвлөлд иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байна. Одоогоор 28 өргөдөл ирснээс хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замын эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон хүмүүс АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тодорхойлолт авахгүйгээр шууд томилогдсон. 2015 онд авлигын хэргээр ял авсан хүн Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаа, мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэж хүн Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдсон байх жишээтэй. Хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэгч Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг юм байна. Энэ асуудлыг шийдэхийг хүссэн өргөдөл гомдол АТГ-т ирж байсан ч шийдэхгүй өдийг хүрчээ. Тиймээс манай Олон нийтийн зөвлөлд асуудал тавьсан. Бид энэ асуудлаар Улаанбаатар төмөр замд хандахад тэдгээр албан тушаалтнуудыг 10 дугаар сарын 2-нд ажлаас халсан гэсэн албан бичиг ирүүлсэн. Өнөөх ажлаас халсан гүйцэтгэлийг шалгахаар очиход тухайн хүмүүсийг албан тушаал бууруулаад орлогч болгоод, ажлаас нь халаагүй байсан. Мөн "шилэн" хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг  нь ашиг сонирхолын зөрчлийн тухайн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Энэ байдлыг АТГ одоо хүртэл зогсоогоогүй байна.

Манай олон нийтийн зөвлөлөөс цаашид Ерөнхий прокурорын газар, Дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын хороо гээд яг АТГ-тай харилцаатай, авлигалын үр дүнг гаргаж байдаг байгууллагуудтай энэ сарын 16-наас уулзалт хийх санал хүргүүлсэн” гэх мэдээллийг өглөө.


Ж.Батсайхан

Связанные новости