АТГ-ынхан долоон багт хуваагдан ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт дүн шинжилгээ, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил гэсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэх бөгөөд энэ чиг үүргийнхээ дагуу таван хэлтэст хуваагддаг юм. Харин АТГ-ын даргын тушаалаар дээрх таван хэлтсийн албан хаагчдаа долоон багт хуваан ажиллуулж байна.
Нэг багт авлигаас урьдчилан сэргийлэх болон соён гэгээрүүлэх чиглэлийн мэргэжилтнүүд, мөрдөн байцаагч, хяналт шалгалтын албан хаагчид, гүйцэтгэх ажилтнууд багтжээ. Ингэснээр ямар нэгэн төрийн байгууллага руу хяналт шалгалтаар очиход бүх талаас нь үзэж танилцах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, зөрчил илэрлээ гэхэд урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилтнууд нь зөрчил үүссэн шалтгаан, нөхцлийг тогтоож, арилгах, дахин гаргуулахгүй байх чиглэлээр хамтран ажиллана. Соён гэгээрүүлэх ажилтнууд нь хууль тогтоомжийг таниулах, авлигын аливаа эрсдэлд өртөхгүй байх чиглэлээр сургалт хийдэг байна. Мөнөөх зөрчилд эрүүгийн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн байцаагч нар нь дүгнэлт хийж, гүйцэтгэх ажилтнууд нь хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг аж. Харин хяналт шалгалтын албан хаагчид иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл болон албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь хянан шалгах зэргээр ажиллаж байна. Тус байгууллагын багаар ажилласан анхны тохиолдол нь яам, агентлагуудыг шалгасан явдал юм. Багууд шалгасан яам, агентлагуудаа хэлэлцүүлж буй билээ. АТГ-ын багуудыг хэлтэс, албадын дарга нар нь удирдаж байгаа бөгөөд ийнхүү багт хувааснаар байгууллагын дотоодод багаар ажиллаж сурах, албан хаагчдыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой боллоо гэж АТГ-ын ХОНХА-аас мэдээллээ.
Ж.Батсайхан