ОБЕГ-ын дарга Т.Бадрал Гамшгийн эрсдэл бууруулах Азийн бага хуралд оролцсон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-10 12:19:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Азийн гамшгийн эрсдлийг бууруулах газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Онцгой байдлын яам болон Япон Улсын Төрийн сайд нарын танхимтай хамтран энэ сарын 02-03-ны өдөр Азербайжан Улсын нийслэл Баку хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн бага хурал-2017”-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцоод ирлээ.
Тэрбээр Азийн Гамшгийн эрсдлийг бууруулах хорооны удирдах зөвлөлийн хуралд оролцож Азийн гамшгийн эрсдлийг бууруулах төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцсон байна. Азийн Гамшгийн эрсдлийг бууруулах газрын дарга Масанори Хамада уг хурлыг хоёр өдрийн турш хамтран зохион байгуулсан Азербайжаны Онцгой байдлын яаманд талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд Ази тив нь байгалийн гамшигт ихээр нэрвэгдэж байгаатай холбогдуулан Азийн гамшгийн эрсдлийг бууруулах төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дараагийн 20 жилийн туршид хэрэгжүүлэх шаардлагатайг  цохон тэмдэглэсэн байна. Хурлын үеэр "Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийг хэрэгжүүлэхэд гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний болон орон нутгийн төлөвлөгөө, томоохон хэмжээний гамшгийг даван туулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах болон гамшгийн эрсдлийг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хялбаршуулах дэвшилтэт технологи гэсэн сэдвүүдийг хэлэлцлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Связанные новости