ОБЕГ-т 1000 шахам дуудлага ирж 1349 хүний амь насыг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-09 11:50:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн баруун, төв, зүүн аймгийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурсны улмаас хот хоорондын болон олон улсын автозамын дагуу хүндрэл үүсч, иргэд автомашинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон, мөстсөн, автомашинууд замын хажуу руу гулгаж орсон, мөргөлдсөн, онхолдсон зэрэг 1000 орчим дуудлага төв, орон нутгийн Онцгой байдлын газарт иржээ.  Онцгой байдлын газар, анги байгууллагын алба хаагчид энэ өдрүүдэд 1349 хүний амь насыг авран хамгаалж, 242 автомашиныг цаснаас татан гаргаж иргэдийн амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа хэмээн ОБЕГ-аас мэдээлж байна.
Эдгээрийг аймаг аймгаар нь авч үзвэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн “Цагаан давааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 12 км-т/ их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, автомашин цасанд боогдсон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 09:00 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 5 автомашиныг цаснаас татан гаргаж, 225 хүнийг аварсан. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Улаан багийн “Мөнгөтийн шуудуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 58 км-т/ автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 00:10 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 6 автомашиныг цаснаас татан гаргаж, 22 хүнийг аварсан.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Гавшгай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 10:45 цагт / аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 9 автомашиныг цаснаас татан гаргаж, 42 хүнийг аварсан.  Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа”, “Сэтэрхийн хөтөл”, “124-ын даваа”, “Тахилтын даваа” Гонир багийн “Бөө булгийн даваа” гэдэг газруудад их цас орсны улмаас автозамын зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, замын зорчих хэсгийг хааж автомашин зогссон, замын хажуу руу автомашин гулсан орсон тухай дуудлагаар /2017.10.08-ны өдрийн 09:11 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 102 автомашиныг цаснаас татан гаргаж, 443 хүнийг аварчээ.

Ж.Батсайхан


 

Связанные новости