Ясүтомо Моригива:Шүүгчийг ерөнхийлөгч томилж буй нь оновчтой биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-09 10:43:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр "Шүүгчийн ёс зүй ба сахилга" сэдэвт олон улсын бага хурал Блю скай зочид буудлын Кристал танхимд болж байна. Хуралд Япон, Канад, Азийн сангийн хуульч, судлаач, эрдэмтэд болон шүүхийн шүүгч нарын төлөөлөл оролцож, олон улсад шүүгчийн ёс зүйг хэрхэн баримталж ажиллаж буй туршлагаасаа хуваалцаж байгаа юм.
Хурлыг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга, хууль зүйн магистр Н.Ганбаатар удирдаж байна. Хурлыг нээж Монгол Улсын ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт хэлэхдээ " Хууль дээдлэх ёс, хараат бус шүүх эрх мэдэл, шударга ёс бол ардчилсан орнуудын хувьд чухал үнэт зүйлс болдог ч хэрэгжүүлэхэд амар биш байдаг. Энэхүү олон улсын бага хурал нь дээрх үнэт зүйлсийг хэрэгжүүлэхэд шүүгчийн ёс зүй болон сахилгын гүйцэтгэх үүргийг онолын болоод практик талаас нь авч үзэж, олон улсын туршлагаас суралцан, Монгол Улсад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм. Өнөөдрийн байдлаар манай ёс зүйн хороо эхний 10 сарын байдлаар 4 шүүгчид ёс зүйн хариуцлага тооцоод байна. Манай дүрмээр гурван төрлийн арга хэмжээ авдаг. Ёс зүй алдсан шүүгчийг нэгд, сануулах, хоёрт, цалин бууруулах, гуравт, огцруулах. Олон улсад нэлээд туршлагатай гэгдэх Канад улсад жилд 4 шүүгчид хариуцлага тооцдог байна. Тэгвэл манайх энэ улстай ойролцоо байгаа нь олон улсын жишгээр ажиллаж буйг харуулж байна" гэв.
Олон улсын хуралд Канадын Элчин сайдын яамны элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Брюс Стийн, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдвард Андерсон нар оролцож байна.



Хурлын үндсэн илтгэлийн эхнийхийг Японы Токио дахь Мэйжи их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх судлалын профессор Ясүтомо Моригива "Шүүгчийн ёс зүйг онолын болон практик талаас нь авч үзэх  нь" сэдвээр ярив.Тэрбээр "Улс төрийн хувьд шүүгчдэд нөлөөлөх явдал гарсаар байна. Улс орон бүхэн үүнээс хол байхыг, шүүхийг болон шүүгчдийг  бие даан ажиллуулахыг хичээж байгаа.
АНУ-д бол тусгай кодекс гарган ажилладаг. Канадад зарчим дээр үндэслэдэг журамтай бол Францад коллекци, Германд "Багана"-ын аргаар шүүгчийн ёс зүйг хангаж байна.
Кодекс, коллекци гэдэг нь  шүүгч ямар байдлаар ажиллах вэ гэдгийг жагсаан бичсэн байдаг бол германы "Багана" болохоор тусгайлан заасан заалтууд байхгүй ч өдөр бүр шүүгчид "Та бодоорой" гэсэн асуулга-сануулгыг өгдөг байдаг. Монгол Улсын хувьд шүүгчийг Ерөнхийлөгчөөс томилж байгаа нь тийм ч оновчтой бус санагдаж байна. Гэхдээ монголын шүүхийн шинэчлэл харьцангуй түргэн, боломжтой хувилбаруудыг хайж хийж байгаа нь ажиглагдлаа" гэлээ.
Канадын Нова Скотиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны дарга, Канадын Дээд шүүхийн шүүгчдийн холбооны гишүүн Роберт Врайтын сэтгэгдлийг сонсвол " Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийг би сайн судалж амжаагүй байна. Харин Канадын шүүгчийн ёс зүйн талаарх туршлагаасаа хуваалцахаар ирсэн. Тухайн улс орон бүхэнд ёс зүйн туршлага өөр өөр байдаг. Шүүгчийн ёс зүйн гол зарчим юу юм вэ, монголын шүүх ямар өөрчлөлт хийж байгаа юм бэ гэдгийг мэдэж авахад өнөөдрийн хурал чухал. Канадын туршлага гэвэл Шүүгчийг томилохдоо  тухайн шүүгчээр ажиллах хүсэлтэй хүний өргөдлийг Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо хүлээн авч шалгаруулалтад оруулдаг. Шалгаруулалтаас тэнцсэн шүүгчийн нэрийг Хууль зүйн яаманд өгөх бөгөөд Яам баталснаар шүүгчээр ажиллах эрхтэй болдог. Шүүгчийг улс төрөөс ангид байлгахад энэ арга тусалдаг. Ингэхээр хараат бус, бие даасан байдал нь сайжирдаг юм" гэв. 
Олон улсын хурал Монгол Улсын ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханы "Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур: амжилт ба сорилт" илтгэлээр үргэлжилж байна. Хурлын хуваариас харахад Канадын хуульч Роберт Врайт, философийн доктор Сэбастиан Лалла, монголын шүүгч  В.Жавхлан, хууль зүйн доктор А.Бямбажаргал нарын илтгэлийг хэлэлцэх юм байна.

Ж.Батсайхан
Связанные новости