Бангладеш рохинжачуудад зориулан дэлхийд томоохонд тооцогдох дүрвэгчдийн хуаран барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДАККА. /Анадолу/. Мьянмараас дүрвэн Бангдадешт очсон 800 мянга гаруй хүнд зориулан дэлхийд томоохонд тооцогдох дүрвэгчдийн хуаран барихаар төлөвлөж байгаагаа Бангладешийн холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, энэ оны наймдугаар сарын 25-наас хойш хүн амынх нь дийлэнх хувийг буддын шашинтнууд эзэлдэг Мьянмарын үндэстний цөөнх болох 800 мянга гаруй рохинжа хүн Бангладеш руу дүрвээд байна. Эдгээр хүн одоогоор толгой хоргодож буй түр байруудад янз бүрийн халдварт өвчин тархах эрсдэлтэй байгаа аж.
Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, энэ оны наймдугаар сарын 25-наас хойш хүн амынх нь дийлэнх хувийг буддын шашинтнууд эзэлдэг Мьянмарын үндэстний цөөнх болох 800 мянга гаруй рохинжа хүн Бангладеш руу дүрвээд байна. Эдгээр хүн одоогоор толгой хоргодож буй түр байруудад янз бүрийн халдварт өвчин тархах эрсдэлтэй байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Бангладешийн холбогдох албаны хүмүүс Мьянмартай хил залгаа оршдог Кокс-Базар хот дахь дүрвэгчдийн хуаранд өргөтгөл хийж, дүрвэгчдийг нэг дор төвлөрүүлэхээр болжээ.
Бангладешийн Онцгой байдлын сайд Мофацзал Хоссейн Чоудхури Майя өчигдөр мэдэгдэл хийхдээ “Одоогоор Мьянмараас дүрвэн ирсэн рохинжачууд хаа таарсан газраа толгой хоргодож байна. Тэднийг нэг дор төвлөрүүлэхийг бид зорьж байна” гэжээ.
Энэ долоо хоногт л гэхэд Бангладешт 4000-5000 рохинжа хүн очсон байна. Дүрвэгчдэд хилээ нээн “энэрэнгүй сэтгэл гаргаж буй” Бангладешийг НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн Энтони Лэйк өчигдөр магтан сайшаахын сацуу “Бидний тооцоолсноос илүү хурдтайгаар нэмэгдэж буй рохинжа дүрвэгчдэд туслахад эхний ээлжинд 430 сая доллар хандивлахыг би олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна” гэжээ.
Наймдугаар сарын 25-нд Мьянмарын 9 цагдаагийн амь насанд халдсан хэрэг гарсан юм. Энэ хэргийг рохинжа босогчид үйлдсэн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн сэжиглэж, босогчдыг дарах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд улмаар талуудын хооронд мөргөлдөөн дэгдсэн нь энгийн номхон рохинжачууд олноороо дүрвэхэд хүргэжээ.
НҮБ болон олон улсын ТББ-ууд Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхний явуулж буй ажиллагааг “үндэстний цөөнхийн цэвэрлэгээ” гэж үзэж байна.
Г.Доржханд