Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгчтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг хүн худалдаалах гэмт хэрэг нь улс дамнан үйлдэгддэг ноцтой гэмт хэрэг болохыг онцлоод энэ асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч айлчилж байгаа нь дээрх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагааны эхлэл хэмээн үзэж буйгаа уулзалтын үеэр дурьдлаа.
Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова Монгол Улсын шүүхээр шийдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн үзүүлэлт харьцангуй цөөн байгаа болон шүүхийн тогтолцооны талаар, түүнчлэн шинэ Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, хохирогч нөхөн олговор авдаг эсэхийг сонирхож байлаа.
Шүүхээс сүүлийн 5 жилийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн үзүүлэлт болон шүүхэд ирсэн энэ төрлийн хэрэг бүрт хуульд заасан ялыг оногдуулж байгааг Т.Уранцэцэг тайлбарлав. Мөн шүүх бол хууль хэрэглэдэг байгууллага болохыг онцлоод хохирогч баримтаа гаргасан тохиолдолд нөхөн олговор олгож байгаа гэлээ. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр Монголын шүүгчдийг сургалтад хамруулах асуудлыг хөндлөө.
Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова Монголын шүүгчидтэй хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Ч.Ариунболд