Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч -2017” тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-10-05 17:08:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч -2017” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Өсвөрийн аврагч -2017” тэмцээн өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Тус тэмцээнийг  нийслэлийн түүхт 378 жилийн ой, Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг угтан зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 80 гаруй өсвөрийн аврагч, тамирчин оролцож, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар тодорхой цэгүүдэд даалгавруудыг гүйцэтгэн, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах аж.
Б.Туул
Связанные новости