Олон улсын Нотариатын холбооны өдөр өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Жил бүрийн 10 дугаар сарын 2-ны өдрийг Олон улсын Нотариатын Холбооны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн өдрийг тус холбооны гишүүн 87 орон тэмдэглэж байна. Олон улсын нотариатын холбоо (ОУНХ) нь дэлхийн нотариатын байгууллагуудын үйл ажиллагаа, чиг үүргийн хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий төрийн бус байгууллага юм. Жил бүрийн 10 дугаар сарын 02-ны өдөр Олон улсын Нотариатын Холбооны гишүүд дэлхийн “Нотариатчийн өдөр”-ийг тэмдэглэдэг болсон юм. Дэлхийн 120 гаруй улс оронд Нотариатын байгууллага байдаг. 1948 онд Аргентин улсын Буэнос Айрэс хотод анхлан Латин хэлбэрийн нотариатчдын олон улсын чуулган зохион байгуулагдаж, ОУНХ-г үүсгэн байгуулсан өдөр тул энэхүү тэмдэглэлт баярын өдрийг буй болгосон байна. Анх 1948 онд 19 улс орны санаачилгаар үүсгэн байгуулагдагдаж байсан холбоо нь эдүгээ 87 улс орны гишүүнчлэл бүхий, Европын Холбооны 28 гишүүн орны 22 улсыг, G20 бүлгийн 19 улсыг тус тус өөртөө багтаасан холбоо болон өргөжжээ.Монгол Улсын Нотариатчдын Танхим 2013 онд тус холбооны 83 дахь гишүүн орноор элсэж байв. Эдүгээ Азийн Хэрэг Эрхлэх Комиссын идэвхтэй гишүүнд тооцогдож байна гэж Монголын Нотариатчдын танхимаас мэдээллээ.
Ж.Батсайхан