Дүрвэгчидтэй мөргөлдөж, 26 цагдаа гэмтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Францын боомтын Кале хотод шөнө дунд болсон хууль сахиулагчид, бүртгэлгүй дүрвэгчид хоорондын мөргөлдөөнөөр 26 цагдаа гэмтжээ.
Калегийн ширэнгэн ойн хотхоны дүрвэгчдийг тараахаар нулимс асгаруулагч хий ашигласан цагдаа нар луу дүрвэгчид чулуу шидсэнээр мөргөлдөөн эхэлсэн бөгөөд анхны мэдээллээр 16 цагдаа гэмтсэн байжээ. Их Британи, Францыг холбосон Ла-Манш доогуурх хонгил замд хүргэх гол замын дагуу 200 орчим дүрвэгч зам хааснаар мөргөлдөөн гаарчээ.
“Анх удаа ийм хэмжээний хүчирхийлэл гарлаа. 26 цагдаа бэртэж гэмтээд байна” гэж цагдаагийн ажилтан Жиль Дебау хэлсэн байна.
6000 орчим дүрвэгчийн хуаран урьд нь “их тогтуун” байсан бол одоо “маш хүчтэй” болж байгааг Дебау ажиглажээ. Дүрвэгчид Их Британид хүрэх найдвар тээж, туулах оролдлого хийж байгаатай холбогдуулан, байдал хурцдаж эхлээд буй Ла-Маншийн хонгил замын харуул хамгаалалтыг чангатгажээ.
Одоогийн байдлаар уг замаар дамжин Их Британид очихыг оролдсон 16 дүрвэгч амиа алджээ.
300 цагдаа, 160 сайн дурынхныг уг боомтод нэмэлт хүч болгон илгээснээ Францын Дотоод хэргийн сайд Бернард Казенеув 10 дугаар сарын дундуур мэдэгдсэн байна.
Х.Аминаа