50 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг хүчингүйд тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-21 12:59:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас  ил задгай, зориулалтын бус газарт автомашин худалдаж буй 50 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг НЗД С.Батболдод хүргүүлэх болжээ.

Тус газраас нийслэлийн төвийн 6 дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийсэн байна. Дээрх аж ахуйн нэгжүүд орон сууц, аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрх авсан газартаа хууль бусаар автомашин худалдан борлуулж байжээ. Тиймээс НМХГ-аас эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах шаардлага хүргүүлсэн бөгөөд одоогоор 19 иргэн, аж ахуйн нэгж зөрчлөө арилгасан байна.

Харин үлдсэн 50 аж ахуйн нэгж, байгууллага шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх болжээ. Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна.

Ч.Ариунболд
Связанные новости