НҮБ-ын тусгай илтгэгч Жон Нокс хүний эрхийн сэдвээр лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-09-19 08:58:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс /John Knox/ "Хүний эрхийг хамгаалахын тулд хүрээлэн буй орчинг хамгаалах нь” сэдвээр маргааш илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх болжээ. 

Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийн илтгэгчээр НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс Монгол Улсад айлчилж байгаатай уялдуулан урьж оролцуулах болжээ. Тэрбээр "Хүний эрхийг хамгаалахын тулд хүрээлэн буй орчинг хамгаалах нь” сэдвээр лекц уншиж, хүний эрхийн асуудлаар ярилцан, шийдэл дэвшүүлж, санал бодлоо солилцох аж. Лекцийг хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй явуулах бөгөөд 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд болох юм.

Тусгай илтгэгч Жон Нокс нь Райс Их Сургуулийн Эдийн засаг, Англи хэлний чиглэлээр Бакалавр, Стенфордын Хуулийн Сургуулийн Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, АНУ-ын 9 дүгээр тойргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах, АНУ-ын Төрийн Департаментийн Хуулийн хэлтэст хуулийн зөвлөх, Вейк Форестийн Их Сургууль, Пенсильванийн Их Сургуулийн Дикинсоны Хуулийн Сургуульд Хууль зүйн профессор, НҮБ-ын "Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой хүрээлэн буй орчинтой холбоотой хүний эрхийн үүрэг хариуцлагын асуудал хариуцсан Бие даасан Шинжээч”-ээр ажиллаж байгаад, 2015 оноос НҮБ-ын Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан тусгай илтгэгчээр томилогджээ. 
Н.Туяа
Связанные новости