Чингэлтэй хайрханыг тайх бага тайлга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх бага тайлга тахилгын ёслолыг намрын эхэн сарын шар мичин сарын шинийн хорин тавны билигт өдөр буюу өчигдөр зохион байгууллаа.
Бага тайлга тахилгын ёслолд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албан хаагчдын төлөөлөл, дүүргийн хамтын ажиллагаат ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Хангаласский дүүрэг, ОХУ-ын УлаанҮд хотын Советский дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур дүүрэг, Сөнд Баруун хошуу, БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэг, Архангай аймгийн Чулуут сум, Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас ирсэн зочид, иргэд сүсэгтэн олон оролцов.
Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат бага тайлга тахилгын ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэ онд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Бидний хамтдаа хийсэн, бүтээсэн бүхэн маань дүүргийнхээ 25 жилийн ойд барих бэлэг болж байна. Их хайрханы маань тэнгэр, лус савдаг, сүлд хийморь ариун дагшин байж ард иргэд, хамт олны минь хүсэл зорилго сэтгэлчлэн бүтэж түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн байхын сүүн цагаан цацал өргөе. Хайрхан уулын тэнгэр, сахиус хүн бүрийг ивээж, хийморь зоригийг бадраах болтугай. Эрдэм ном, эд баялгийн өглөгт Чингэлтэй хайрханыхаа өвөрт хамтдаа хөгжицгөөе” хэмээв.
Уламжлалт ёсоор Жанчивлан хийдийн лам хуврагууд тусгай дэг жаягийн дагуу буян номын хур буулгаж хайрханы сахиусыг аргадаж тайлсан юм. Тус дүүргийн ИТХ-ын 2015 оны долдугаар хуралдааны тогтоолоор Чингэлтэй хайрханыг тайх их тахилгыг 5 жилд, бага тахилгыг 2 жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэж баталжээ.