Баянзүрх дүүргийн иргэд жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-05 13:02:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэд өнөөдөр тус дүүргийн ЗДТГ-ын үүдэнд жагсаж байна.
Тус дүүргийн ИТХ нийт 41 суудалтай бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулиар МАН 19, АН 15 тойрогт ялалт байгуулжээ. Харин үлдсэн 7 тойрогт нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж, жагсаалтаас хасчээ. Уг асуудлыг шүүхийн шатанд шалгаж байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр одоог хүртэл ИТХ-ын дарга болон дүүргийн Засаг даргыг томилоогүй байна. Ингэснээр дүүргийн хэмжээнд ажил цалгардаж, бүтээн байгуулалтууд зогсонги байдалд ороод байгаад иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байгаа аж.

Тухайлбал, тус дүүргийн 14 хорооны иргэн М.Болдбаяр, “Төрийн үйлчилгээ тогтвортой, шуурхай явах ёстой. Гэвч манай дүүрэгт Газрын алба, Боловсролын газраас эхлээд төрийн бүх үйлчилгээ зогсонги байдалд орсон.Тухайлбал, манай хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Манай хүүхдүүдийг өөр хороонд байрлалтай цэцэрлэгт оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хаана байрлалтай, хэддүгээр цэцэрлэгт оруулах нь тодорхойгүй. Хорооны удирдлагууд, дүүргийн Боловсролын хэлтэс нь ч энэ асуудлаа мэдэхгүй байна. Энэ мэтээр хэлтэс албад, хороод нэгдсэн удирдлагагүй байгаагаас иргэд хохирсоор байгаа юм. Тиймээс дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нам, эвсэл гэж талцалгүйгээр иргэдийнхээ төлөө ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Жагсаал зохион байгуулж буй иргэд энэ долоо хоногийн баасан гараг буюу 08-ныг дуустал Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд эсэргүүцлээ илэрхийлэх аж.

Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга Г.Атармаа, “Дүүргийн ИТХ-д нэр дэвшигч 7 иргэний асуудал шүүхийн шатанд байгаа. Үүнийг дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа болон АН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид хэт улстөржүүлж, тамга, тэмдгээ хүлээлцэхгүй өдийг хүрлээ. Үүнээс үүдэн Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал үүсч байна. НЗД С.Батболд Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН болон АН-ын бүлгийг зөвшилцөлд хүрэх үүрэг өгсөн. Бидний зүгээс АН-ын бүлэгт зөвшилцөх хүсэлт хүргүүлсэн ч хариу өгөхгүй байна. Тиймээс өнөөдөр бид иргэдийнхээ эрхийг хамгаалахаар жагсаалд нэгдэж байна” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости