Авлигыг зогсоох хамгийн чухал арга нь мэдээлэх, татгалзах гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunzaya@montsame.mn
2017-08-30 17:29:51
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гурван жил тутам хийдэг  "Global Corruption Barometer" судалгааг гаргасан байна.

 "Транспэрэнси Интернэшнл байгууллагаас 22 мянган хүнийг хамруулсан судалгааны үр дүн бүсийн хэмжээнд хууль тогтоогчид Авлигыг мэдээлэгч Шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийн орчинг бий болгох, Засгийн газрууд авлигатай тэмцэнэ гэсэн амлалтаа биелүүлэх, үүн дотроо НҮБ-аас батлагдсан Тогтвортой Хөгжлийн зорилтуудыг биелүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байгааг харуулсан .Судалгаанд оролцсон орлогын түвшин ялгаатай иргэдээс  ядуу иргэд хамгийн өндөр буюу 38 хувь нь авлига өгсөн гэж хариулсан нь авлигыг ядуу хүмүүс хамгийн ихээр өгч хэлмэгдэж хохирч  байгааг харуулж байна.   

Монголын иргэдийн 61 хувь нь Засгийн  газар Авлигатай тэмцэхэд хангалтгүй ажиллаж байна гэж үзсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ  судалгаанд ороцсон 16 орноос Монгол, Малайз ба Өмнөд Солонгосын  иргэд Авлигатай тэмцэж буй Засгийн Газрынхаа үйл ажиллагаанд хамгийн сэтгэл ханамжгүй байгааг харуулсан. Улмаар төрийн үйлчилгээ үзүүлэгч 6  байгууллагаас Монголд цагдаа, эрүүл мэндийн байгууллага авлига авдаг байгууллагуудыг тэргүүлсэн байна. Монгол болон Пакистан улсын иргэд бүсийн 16 орноос хамгийн бага буюу 33- 49 хувь нь авлигыг зогсооход, өөрчлөлт хийхэд нэмэр болж чадахгүй байх гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчид Авлигыг зогсоох хамгийн чухал арга бол Авлигыг мэдээлэхээс гадна авлига өгөхөөс татгалзах гэж хариулсан байна. Гэвч судалгаанд оролцогсдын 20 хувь нь Авлигатай тэмцэхэд тэдний хүч нэмэр болохгүй гэж үзжээ" хэмээн “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын Тэргүүн Л.Төр-Од ярив.

Ази Номхон далайн бүсийн 16 орны хүн амын 25 хувь нь буюу 900 сая хүн төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгдөг гэдгийг олон улсын  судалгаа нотлон гаргаж ирсэн байна.  Эдгээр 16  орнуудын тоонд Австрали, Хятад, Япон, Индонез, Тайван, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хонгконг, Шри Ланк, Мяньмар, Пакистан, Малайз, Вьетнам, Камбож, Монгол Улс хамрагджээ.

 Транспэрэнси Интернэшнл байгууллага дараах зөвлөмжийг хүргэж байна:
  • Засгийн газрууд Авлигатай тэмцэхдээ үйл ажиллагаагаа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт болох өлсгөлөн, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүйсийн тэгш харьцаа ба байгаль орчны өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай  уялдуулан авлигын эсрэг эрсдлийг бууруулах механизмыг бий болгох
  • Хууль эрх зүйн хувьд Авлигыг мэдээлэх Шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах олон улсын жишиг хуулиудыг батлах, хэрэгжүүлэх түүн дотроо Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох 
  • Авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгддөгүй үлддэг жишгийг эцэс болгох
  • Авлигатай тэмцэх газрууд авлига төлөхөөс татгалзаж буй иргэд, авлигыг мэдээлэхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллаж тэднийг дэмжих зөвлөмжийг хүргүүлж байна.
"Транспэрэнси Интернэшнл” байгууллага нь дэлхийн 120 улс оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2007-2008 онд Монгол улсад анх үйл ажиллагаа явуулах болжээ. 
 Б.Заяа
Связанные новости