Гурван улсын хил дамнасан эдийн засгийг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-29 12:25:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ  Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран есдүгээр сарын 16-24-нд “Монгол-Хятад-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн”-г  зохион байгуулах юм байна. 

Ес дэх удаагийн чуулга уулзалт  “Нэг бүс нэг замын боломжийг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг хамтран бүтээн байгуулах нь”  гэсэн уриан дор болох аж.

Дээрх чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулж буй бөгөөд жилээс жилд өргөжиж буйг албаныхан онцолж байна. Энэ удаа Монгол, Хятад, Орос, Тайвань, Малайз, Хонгконг, БНСУ-ын бизнес эрхлэгчид оролцох юм. Монгол-Хятад-Оросын бүс нутгийн  болон аж ахуйн нэгжүүдийн бизнесийг өргөжүүлэхээс гадна  хүмүүнлэгийн солилцоо, соёл, аялал жуулчлал, харилцаа холбоо, хил дамнасан эдийн засгийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, хөгжлийг ахиулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.

Үзэсгэлэнд оролцогчдын хувьд Монголын үндэсний бараа бүтээгдэхүүн болон импортын бараа бүтээгдэхүүнийг бүртгүүлэхийн зэрэгцээ, БНХАУ-ын Гаалиас тавьсан хорио цээрийн улмаас цагаан идээ, архины төрлийн бүтээгдэхүүн, тамхи, гоо сайхан, косметик, импортын хүнсний бүтээгдэхүүнээр оролцох боломжгүй аж. Үзэсгэлэнд оролцогсод есдүгээр сарын 2-ноос өмнө МҮХАҮТ-д бүртгүүлэх юм байна.
Б.Заяа
Связанные новости