Жеймс Бондын тухай шинэ кино 2019 онд дэлгэцэнд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-07-25 10:05:27
НЬЮ-ЙОРК./TASS/. Их Британийн тагнуулч Жеймс Бондод тохиолдсон адал явдлын тухай өгүүлэх шинэ кино 2019 оны 11 дүгээр сард дэлгэцэнд гарна гэж даваа гарагт Америкийн Metro-Goldwyn-Mayer /MGM/ кино компаниас гаргасан мэдээлэлд дурджээ.

"Агент 007"  2019 оны 11 дүгээр сарын 8-нд Америкийн дэлгэцэнд эргэн ирнэ гэж уг мэдээлэлд дурджээ. Харин уг киног Их Британид үүнээс хэдэн өдрийн өмнө танилцуулах аж.

Энэ кино нь нэрт тагнуулчийн тухай цуврал киноны 25 дахь нь болж байгаа юм.

MGM кино компани уг киноны найруулагч болон киноны нэрийг зарлаагүй ба Ж.Бондын дүрд энэ удаад хэн тоглох нь мөн адил тодорхойгүй байгаа аж.

Сүүлчийн дөрвөн цуврал киноны "Агент 007"-ийн дүрд Их Британийн жүжигчин Дэниел Крэйг тогложээ. Дараагийн цуврал кинонд Д.Крэйг энэ дүрдээ тоглоно гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан юм. Харин Д.Крэйг "хэзээ ч дахин энэ дүрд тоглохгүй" гэж мэдэгдэж байсан билээ.

Д.Крэйгээс гадна Ж.Бондын дүрд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан нар тоглож байсан юм.

Энэхүү алдарт цувралын анхны кино “Доктор Ноу” гэдэг нэртэйгээр 1962 онд анх дэлгэцэнд гарч байжээ. Дашрамд дурдахад, Ж.Бондын хамгийн сүүлийн цуврал болох Сэм Мендесийн найруулсан “007: СПЕКТР” кино дэлхий даяар гарч, 880 сая гаруй долларын орлого авчирсан байна.
О.Барс 

 

Связанные новости