Нобелийн шагналт зохиолч Лю Сяобо-г батлан даалтаар суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-26 18:32:28
БЭЭЖИН. /Reuters/. Хятадын зохиолч, Нобелийн Энх тайвны шагналт Лю Сяобо батлан даалтаар шоронгоос суллагджээ.

Зохиолч Лю Сяобо элэгний хорт хавдар туссан учир эмчилгээ хийлгүүлж байгаа гэж түүний өмгөөлөгч өнөөдөр мэдэгдлээ.

Засгийн газрыг түлхэн унагаахыг завдсан хэргээр Нобелийн шагналтанд 2009 оны 12 дугаар сард 11 жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр Хятадын коммунист намын ноёрхол буюу нэг намын дэглэмийг интернэтээр шүүмжлэхийн сацуу ардчилалд шилжихийг уриалсан билээ.

Үүний дараа жил буюу 2010 онд тэрбээр Нобелын Энх тайвны шагнал хүртсэн анхны хятад хүн болсон юм.

Нобелийн шагнал гардуулах ёслолд Хятадын Засгийн газар түүнийг оролцуулаагүй.

Түүнийг суллахыг АНУ болон бусад улс орон удаа дараалан уриалж байв.

Өдгөө 61 настай Лю нь 1989 онд Тяньаньмэнийн талбайд болсон эсэргүүцлийн жагсаалыг удирдан зохион байгуулсан хүмүүсийн нэг юм.
Г.Доржханд
Связанные новости