Ж.Кушнер Ойрхи Дорнодод айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-20 13:19:32
ВАШИНГТОН./VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер энэ долоо хоногт Израиль-Палестины энхийн хэлэлцээний асуудлыг хөндөн ярилцахаар Ойрхи Дорнодод айлчилна.

Ерөнхийлөгч Дональд Трампын шадар туслах Жаред Кушнер лхагва гарагт,  харин Трампын элч Жейсон Грийнблат даваа гарагт Иерусалим болон Рамаллад хэлэлцээ хийхээр очно гэж Цагаан ордон мэдээллээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, дээрх хоёр зочин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Палестины Ерөнхийлөгч Махмуд Абас болон тэдний шадар зөвлөхүүдтэй уулзах юм. Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сард Израильд айлчлах үеэрээ Израиль-Палестины хооронд энх тайван тогтоохыг уриалсан бөгөөд Ж.Кушнер, Ж.Грийнблат нарт энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх үүрэг өгсөн байна.

Өнгөрсөн үе дэх үл ойлголцол бүхнийг мартахыг Д.Трамп хоёр талд уриалсан боловч энхийн гэрээний үйл явцыг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар дурдаагүй юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нар болох Билл Клинтон, эцэг Жорж  Буш болон Барак Обама нар Израиль-Палестины хооронд энхийн гэрээ байгуулах тал дээр амжилт олоогүй билээ.
Х.Сарнай 





 

Связанные новости