ШУА, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-19 12:57:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ШУА-ийн байранд боллоо.

Санамж бичигт Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, доктор Бунг Гвон Ли нар гарын үсэг зурав.

Хоёр тал 1999 оны 10 дугаар сарын 1-нд хамтран ажиллах тухай ерөнхий гэрээг байгуулсан ба түүнийг үндэслэн 2001 онд “Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг. Үүний дараа 2006 оны 2 дугаар сарын 13-наас 2011 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэл санамж бичгийн хугацааг таван жилээр сунгаж байв. Ийнхүү хоёр тал зургаан жилийн дараа санамж бичгийг шинэчлэн байгуулж байгаа нь энэ юм.

Энэ удаагийн санамж бичгийн зорилго нь цаашид боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд хамтарсан үйл ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Санамж бичгийн хүрээнд талууд эрдэмтэн, багш, ажилтан, оюутны солилцоо, хамтарсан боловсрол, сургалтын хөтөлбөр, судалгааны төсөл, эрдэм шинжилгээний нийтлэл, мэдээлэл солилцоо зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Ж.Болор
Связанные новости