Л.Ганбат:”ЭЕШ-2017” нийт 49 шалгалтын байранд хэвийн явагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-15 12:10:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жил их, дээд сургууль, коллежид элсэн суралцах оюутнуудын “ЭЕШ-2017” энэ сарын 14-нд монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-өөс мэдээлэл хийлээ.

Тус шалгалтад нийт 40388 шалгуулагч бүртгүүлснээс 87 хувь нь 2017 онд ЕБС төгсч байгаа, 13 хувь нь өмнөх оны шалгуулагч байв.
ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22, нийт 49 шалгалтын байранд зохион байгуулж байна.
ЭЕШ-ыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс эдгээр анги танхимд хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсох төхөөрөмж суурилуулжээ.

БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ, “ЭЕШ өчигдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлж, хэвийн явагдлаа. Иргэдээс ямар нэгэн өргөдөл, гомдол гараагүй. Ирцийн хувьд нийт шалгуулагчдын 98.5 хувь нь хамарсан гэсэн урьдчилсан дүн гарсан. Өнөөдөр англи хэлний шалгалт 10.00 цагт эхлээд хэвийн үргэлжилж байна. Англи хэлний шалгалтад 27 мянга 140 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд сурагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар орж байгаа. Үүнтэй холбогдуулан тоног төхөөрөмж суурилуулан, энэ жилээс анх удаа нэвтрүүлж байгаа нь олон улсын жишигт ойртож буй шинэлэг хэлбэр юм. Мөн шалгуулагчдын дүн оноог газар дээр нь засах шилэн технологи нэвтрүүлэх бэлтгэл ажил явж байна. Энэ технологи ирэх жил 100 хувь хэрэгжиж эхэлнэ” гэв.

ЭЕШ-ын дүн оноог ирэх сарын 01-ний 09.00 цагаас эхлэн www.eec.mn вебсайтад байршуулах юм. Харин шалгуулагчдын батламж хуудсыг ирэх сарын 03-наас эхлэн тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид, аймаг, дүүргийнхээ Боловсрол,соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах юм. Нийслэлд ЭЕШөгсөн энэ оны төгсөгчид сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авах бол өмнөх оны төгсөгчид БҮТ-өөс авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх аж.

“ЭЕШ-2017” энэ сарын 17-нд математик, газарзүй, биологи, монгол хэл, 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтаар өндөрлөнө.

Ж.Болор
Связанные новости