Манилагийн казиног дээрэмдсэн этгээд амиа хорложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-02 09:26:38
МАНИЛА./VOA/. Манила хотын нисэх онгоцны буудлын ойролцоо байдаг зочид буудал, казино бүхий цогцолборыг дээрэмдсэн этгээд амиа хорлосон байдалтай олдсон гэж Филиппиний цагдаагийн газар мэдэгдлээ.

Англиар ярьдаг сэжигтэн этгээд "Resorts World Manila" цогцолборын тавдугаар давхарт нас барсан байсан гэж тус хотын цагдаагийн газрын дарга Оскар Албаялде мэдэгдсэн байна.

Тэрбээр амиа егүүтгэсэн нь тодорхой байсан бөгөөд түүний дээрэмдсэн 113 сая песо буюу 226 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөрийтэй тоглоомын чипнүүд авч явсан үүргэвчинд нь байжээ.

"Энэ бол терроризмын шинжтэй үйлдэл биш. Энэ этгээд казино тоглож бүх мөнгөө алдаад эргүүлэн авахыг хүссэн, эсвэл зүгээр л “галзуурсан” байх" гэж О.Албаялде хэлсэн байна. 

Үндэсний цагдаагийн газрын дарга, генерал Роналд Дела Роза "DZMM" радиод ярилцлага өгөхдөө "сэжигтэн этгээд нэг ч хүнийг гэмтээгээгүй" гэж байсан юм. Сэжигтэн мөрийтэй тоглоомын чип авснаас гадна ЛЕД дэлгэц рүү буудаж, зарим тавилгыг шатаасан байна.

Пүрэв гарагийн үдээс хойш хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Resorts World Manila" цогцолборын захирал Стив Рейли хэлэхдээ "бүх үйлчлүүлэгчдийг цогцолбороос гаргасан бөгөөд хэн ч бэртэж гэмтээгүй" гэж мэдэгдсэн юм.

Буутай этгээд үйлчлүүлэгчид болон зочид буудлын ажилтнууд руу гал нээж хэд хэдэн хүнийг хүнд шархдуулсан гэж өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Барилгаас олгойдож буй утааны зураг нийгмийн сүлжээгээр тархсан бөгөөд цагдаа нар болон түргэн тусламжийн багийнхан зочид буудал-казиногийн цогцолборт тэр даруй хүрэлцэн ирсэн байна.

Зочид буудлыг түр хугацаагаар хааж, үйлчлүүлэгчид болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд Үндэсний цагдаагийн газартай хамтран ажиллаж байна гэж зочид буудлын захиргаа "твиттер" хуудсандаа мэдэгджээ.
Х.Сарнай 


 

 


Связанные новости