“Оюутолгой" ХХК-ийн үйлдвэрлэл өмнөх улирлаас давжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ“Оюу толгой” компани 2010-2015 оны 3 дугаар улирал хүртэлх хугацаанд дотоодод 5.13 тэрбум ам.доллар зарцуулсан хэмээн мэдэгдлээ.
Тус компаниас шинэчлэн гаргасан мэдээнд ус дахин ашиглах үзүүлэлтийг 85 хувьд хүргэсэн гээд олон үзүүлэлтийг дурджээ. Тодруулбал тус компани 2015 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар 192 сая ам.доллар буюу 383 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Мөн үндэсний ханган нийлүүлэгчдээс 209 сая ам.доллар буюу 417 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан байна.
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ,“Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн бүтээмж, болон бусад үндсэн чиглэлээр ахиц дэвшилтэй нэг улирлыг үдлээ. Энэ улирлын дүнгээр бидний дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 5.13 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнд Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн дүн зэрэг багтаж байна” хэмээн онцолжээ.
Түүнчлэн “Оюу толгой” компани 2015 оны 3 дугаар улиралд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ бататгаж, нийт осол гэмтлийн давтамжийн үзүүлэлтийг 0.31 болгон бууруулснаа тодотгожээ. “Оюу толгой” компани өмнөх улирлынхаа үйлдвэрлэлийн хэмжээг энэ улиралд давуулан биелүүлсэн байна.
Б.Заяа