Хэрэглээгээ хянаж хуримтлал үүсгэснээр эдийн засгийн хүндрэлийг сааруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-10 14:59:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Эдийн засгийн хямралаас гарах нэг хөшүүрэг нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх явдал гэдэгт Төвбанк төвлөрч байна.

Эдийн засгийн бодлого бүхэлдээ хэрэглээнээс хуримтлалд суурилсан хэлбэрт шилжсэнээр эрсдлээс хамгаалах, хүндрэлийг дарамт багатай туулах боломжтой гэдгийг Монголбанкны мэргэжилтнүүд онцлов.

Манай улс Олон нийтийн  санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх юм. Эл хөтөлбөрийн хүрээнд Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр боловсруулж дунд сургуулиудад сонгон хэлбэрээр  Бизнес судлал хичээлийг оруулаад нэг жил өнгөрчээ.

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлснээр эдийн засгийн хүндрэл үүсэх эрсдлийг бууруулдаг бөгөөд тухайн хүн хэрэглээгээ хянаж оновчтой зүйлд мөнгө зарцуулах боломж бүрдэхээс гадна  зорилго, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд эерэгээр нөлөөлдөг  байна.

Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг тэлэхэд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал хэмээн дээрх хөтөлбөрийг Монголбанк санаачилан Сангийн яам, БСШУЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй  юм.  

Ийнхүү  Монголбанкнаас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх төсөл Ази номхон далайн бүсийн шилдгээр шалгарсан байна. Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт Бизнес судлал хичээлийг сонгоноор оруулсныг нь ийнхүү үнэлжээ.

 Дэлхийн банкны судалгаагаар манай улсын  хүн амын дийлэнх хэсэг нь ямар нэг байдлаар санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй, энгийн тооцон бодох үйлдлүүдийг сайтар мэддэг ч ирээдүйд хийх хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг санхүүгийн шийдвэрийн талаар ойлголт багатай хэмээн тодорхойлжээ. 
 
Б.Заяа
Связанные новости